ОХУ, САХА (ЯКУТ) УЛСЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧЛАВ

2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд ОХУ, Саха (Якут) улсын В.А Вонгродскийн нэрэмжит Анагаах ухааны коллеж, Мэргэжлийн боловсролын хөгжлийн институт, Жатайскийн техникумын удирдлага, багш, оюутнуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр академич С.Нямзагд Этүгэн их сургуулийн үүсэл, хөгжил, өнөөгийн байдлыг зочид төлөөлөгчдөд танилцуулж, их дээд болон мэргэжлийн боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Саха (Якут) улсын залуучуудыг Этүгэн их сургуульд суралцах боломж нээгдэж байгааг онцлон дурдлаа.

Уулзалтын дараа зочид төлөөлөгчид сургуулийн үйл ажиллагаа, лаборатори, кабинет, номын сан, оюутны байр, спорт комплекс, фитнесс клубтэй танилцав. Мөн Саха (Якут) улсын Үндэсний их наадмын “Обугэ ооннуута – Өвөг дээдсийн наадам” спортын тэмцээн манай сургуулийн болон Саха (Якут)-ын Анагаах ухааны коллежийн оюутнуудын дунд зохион байгуулагдлаа.

Этүгэн их сургууль нь  Саха (Якут) улсын В.А Вонгродскийн нэрэмжит Анагаах ухааны коллежтой 5 жилийн хугацаатай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар болов.