ЭИС-ийн магистр, бакалаврын анхны гадаад төгсөгчид диплом, энгэрийн тэмдэг гардан авлаа

ЭИС-ийн магистр, бакалаврын анхны гадаад төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа 2025 оны зургаадугаар сарын 28-нд боллоо.

2024-2025 оны хичээлийн жилийн Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрөөр 31 оюутан, Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрөөр 2, Сувилахуйн магистрын хөтөлбөрөөр 1 оюутан, нийт 34 гадаад оюутан амжилттай төгсөж боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авав.

ЭИС-ийн магистр, бакалаврын төгсөгчдөд боловсролын зэргийн диплом, мэргэжлийн цол олгох ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ЭИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэнэ “ЭИС-ийн төгсөгч залуу мэргэжилтнүүд ээ, эрхэм хүндэт эцэг эхчүүд зочид төлөөлөгчид өө, эрдэмтэн багш профессорууд аа, ЭИС-ийн төгсөлтийн хүндэтгэлийн ёслолд урам зоригтой сайн сайхан ирээдүй, хөгжлийн шинэ үеийг эхлүүлэн морилон ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Билэг дэмбэрэлтэй энэ сайхан өдөр манай төгсөгчид улс орныхоо нийгмийн асуудлыг шийдэх, эрх мэдэл үүрэг хариуцлагын баталгаа болсон эзэмшсэн мэргэжлийнхээ диплом, энгэрийн тэмдгээ гардан авахаар ирээд байна.

Суралцагч оюутнуудаас төгсөгч мэргэжилтэн хэмээх хариуцлагатай, бахархалтай байр суурьт очих энэ хугацаа эрдэмтэн багш, ажилтан багш, эцэг эх гэр бүл, сургуультайгаа хамтран ажиллаж чадсан он жилүүд байлаа. 

Та бүхэн маань Этүгэн хэмээх өнөр гэр бүлийн гишүүн болж багш нар, сургуультайгаа хамтран нэг баг болж ажилласны хүчинд хөгжиж дэвшиж, мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, хүн чанар, холын мөрөөдлөө алсын хараагаа дахин тодотгосон шинэхэн мэргэжилтнүүд болцгоолоо.

Та бүхний суралцаж буй он жилүүдэд ЭИС хөгжлийн стратегиа маш амжилттай хэрэгжүүлж, урагшлан дэвшсэн. Тухайлбал, сургалтын хөтөлбөр илүү боловсорч, эрдэм шинжилгээ, судалгааны ажил өргөн цар хүрээтэй болсон, ЭИС-ийн гадаад харилцаа өргөжин хөгжсөн зэрэг нь олон олон хөгжил дэвшлийн эхлэлийг тавилаа.

Эрхэм хүндэт төгсөгчид өө, залуу мэргэжилтнүүд ээ, та нар бол ЭИС-ийн нэрийн хуудас билээ. Үе үеийн төгсөгчдийн гялалзсан амжилтаар энэ түүх зузаарсаар байна. Энэ бахархам үйл явдлын үргэлжлэл болсон энэ жилийн манлай онц төгсөгчдийг онцлон дурдаж байна.

Нүүр ам судлал хөтөлбөр магистр зэрэгтэй төгсөгч Чадраабал овогтой Булган; Био-Анагаах ухааны хөтөлбөр магистр зэрэгтэй төгсөгч Цэрэндаш овогтой Уртнасан, Гүнсэнхорол овогтой Бүрэнтөгс, Эрдэнэбаатар овогтой Лхагвадулам; Эмнэл зүйн анагаах ухааны хөтөлбөр магистр зэрэгтэй төгсөгч Цэрэнпил овогтой Нандинбаяр, Дашдаваа овогтой Чулуунцэцэг; Сувилахуй хөтөлбөр магистр зэрэгтэй төгсөгч Wang Kaixin; Бизнесийн удирдлага хөтөлбөр магистр зэрэгтэй төгсөгч Zhou Boya, Li Gezhihao нар салбарууддаа маш чухал, онцгой ач холбогдолтой хөгжил дэвшлийг авч ирсэн сэдвүүдээр магистрын сэдвээ хамгаалсан. Төгсөгчдөдөө дахин халуун баяр хүргэе. Монгол эх орон минь улам мандан бадраг” хэмээн ёслолын үйл ажиллагааг нээж үг хэллээ.

ЭИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор Ц.Мөнгөнцэцэг “ЭИС-ийн нэр төрийг өндөрт өргөж, эзэмшсэн мэргэжлээрээ ёс зүйтэй ажиллаж, гарамгай амжилт гаргахыг нийт төгсөгчдөдөө уриалж байна” хэмээн Төгсөгчдөд магистрын зэрэг, боловсролын зэрэг олгох тухай ЭИС-ийн Ректорын тушаалыг уншиж, танилцуулав.

Төгсөгчдөд боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд ЭИС-ийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, академич эдийн засгийн ухааны доктор С.Нямзагд, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ЭИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэнэ, Нийгэм, эдийн засгийн хөгжил эрхэлсэн захирал Н.Идэрсайхан, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа, Эм зүйн сургуулийн захирал, Эм зүйн ухааны магистр С.Идэртунгалаг Био-Анагаахын тэнхимийн эрхлэгч магистр А.Золзаяа, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Нарсу, Эдийн засгийн ухааны доктор Д.Баяржаргал, Эм зүйн ухааны доктор, профессор С.Гаадулам, Нүүр ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Оюунбат, ЭИС-ийн хүндэт профессор, эдийн засгийн ухааны доктор, Нэг бүс, нэг зам Олон улсын хөгжлийн судалгааны академийн захирал Лю Жэн Вэй, Эдийн засгийн ухааны доктор, профессор О.Лхагварэнцэн, Эдийн засгийн ухааны доктор, профессор М.Туул, Нэг бүс нэг зам Олон улсын хөгжлийн судалгааны академийн гүйцэтгэх захирал Б.Хишигжаргал, Техникийн ухааны доктор, профессор Б.Энхжаргал, Сувилахуйн тэнхимийн эрхлэгч, Сувилахуйн ухааны магистр Н.Лхагважаргал нарын багш, эрдэмтэн доктор, профессор, хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.

Эмнэл зүйн анагаах ухаан магистр 12, Эм зүй магистр 4, Био-Анагаах ухааны магистр 4, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт магистр 4, Нүүр ам судлалын магистр 1, Сувилахуйн магистр 4, Бизнесийн удирдлагын магистр 2, нийт 31 магистрын зэрэгтэй төгсөгч магистр зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм. 

Магистрын зэргээр төгсөгчдийг төлөөлөн Эмнэл зүйн ухааны магистр Д.Мягмардорж “Магистр гэдэг бидний хичээл зүтгэл, мэргэжлийн гүн агуулгыг танин мэдсэн, илүү өндөр түвшинд хүрэх эрмэлзэл, хариуцлага итгэлийн илэрхийлэл юм. Өнөөдөр бид магистрын зэргээ хамгаалж байна. Харин маргааш хэмжээлшгүй ажил амьдралын замынхаа эхлэлийг тавьж байна. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, эрдмийн их замналыг сонгосон ирээдүйн доктор, профессорууд, анд нөхөд, мэргэжил нэгт та бүхэндээ ухаан төгөлдөр, үйлс бүтээлээр дүүрэн амжилтын дээдийг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

Анагаах ухаан 409 бүлгийн оюутан, Морин хуурч А.Одбаяр “Таталтын холбоо” аялгуугаар төгсөгчдөд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

 

Бизнесийн удирдлагын бакалаврын төгсөгчдийг төлөөлж БНХАУ-ын иргэн, төгсөгч LI Pei Yuan “Hello everyone, I am a student from Class 301 of the Business Administration program. Today, it is my great honor to stand here and share reflections on my two-year journey studying abroad.

When I first arrived in Mongolia, the vast Gobi Desert left me deeply awestruck, and the harsh winters of -30 degrees Celsius once left me flustered. Yet it was this very land that taught us: true resilience should be like the *needlegrass* on the steppe—roots digging deep, backbone standing straight. Here, I came to deeply understand that education is not just the accumulation of book knowledge, but also a profound understanding and heartfelt reverence for diverse cultures.

Looking back on these two years, we all had moments of doubt: questioning ourselves in language-barrier   classrooms, breaking down in tears in dorm rooms under heavy academic pressure, even calling our parents daily to say, ‘I want to come home.’ But today, as we look back on this journey, it was precisely these setbacks that forged our armor of resilience. As the German philosopher Nietzsche said, **‘What does not kill me makes me stronger.’** The challenges that could not break us ultimately became the bedrock shaping our personal strength.

In the future, whether we embark on paths to graduate school, the workplace, or entrepreneurship, the unique perspective Mongolia has given us will ultimately become an irreplaceable advantage. When someone asks, ‘Where did you study?’ we can proudly answer: ‘In the land of Genghis Khan, I learned to survey the whole picture like an eagle, and to tread steadily like a camel.’

May we all become bridges connecting the world, using the tolerance and courage tempered here to meet the challenges of our times. When the winds of the Hangai Mountains sweep you forward into the future, may we always remember that we once owned such a time—difficult, yet radiant with splendor.” хэмээн англиар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Мөн БНХАУ-ын иргэн, төгсөгч SHI XUAN YU “Бизнесийн ангийн оюутан Shi Xuanyu байна. Төгсөгчдийн нэрийн өмнөөс үг хэлж байгаадаа баяртай байна. ЭИС-д суралцсан цаг хугацааг эргэн харахад бидний амжилт бол багш нарын хүчин чармайлтын үр дүн юм. Та бүхний сургаал дор бид хэдий хэцүү санагдсан ч амжилтын сайхныг мэдэрсэн. Өнөөдөр бид сургуулийнхаа хаалгаар гарч, нийгэмд итгэлтэйгээр алхаж байгаагийн шалтгаан нь ЭИС. Мөн ЭИС харилцаа, хандлага, ёс зүйг маш их эрхэмлэдэг. Сургуульдаа, бүх багш нартаа баярлаж байна. Бид мартагдашгүй олон сайхан дурсамж  үлдээсэн. Сургуулийн анги танхим, номын сан, ЭИС-ийн өнцөг булан бүрд бидний инээд хөөр, хүч хөлс шингэсэн. Энэ бүхэн өчигдөр болсон мэт. Гадаадад суралцсан энэ урт хугацаа бидний насан туршдаа үүрд нандигнан үлдэх сайхан дурсамж болон үлдэнэ” хэмээн монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

 

Түүнчлэн 2024-2025 оны хичээлийн жилд ЭИС-ийн нийт оюутнуудыг голч оноогоор жагсаахад SHI XUAN YU, LI Pei Yuan, LIU YING TONG нар “Бахархалт-100 оюутан”-аар шалгарсан.

ЭИС-ийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга, Монгол Улсын гавьяат эдийн засагч, академич эдийн засгийн ухааны доктор С.Нямзагд “Өнөөдөр ЭИС-ийн түүхэнд онцгой үйл явдал тохиож байна. Гайхамшигтай сайхан магиструудаа бэлтгэж байна. Гадаадын оюутнууд анх удаа төгсөж байна. Та нар минь маш их зүтгэл гаргаж суралцлаа. Хэлний бэрхшээл, цаг агаарын маш хүнд бэрхшээл, соёлын маш их зөрүүтэй байдлууд гээд бүгдийг даван туулсны эцэст амжилттай төгсөж чадлаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө Күнзийн номыг уншиж байсан. Күнзийн номд боловсрол, хүнлэг, ёс зүйтэй байх ёстой гэж сургасан байдаг. ЭИС хүнлэг ёс зүйтэй байдлыг энэ тэргүүнд тавьдаг учраас Күнзтэй санал нэгдэж болох юм байна гэж бодсон. Тэгээд хятад оюутнуудад суралцах бололцоог олгох санаа төрсөн юм. Өнөөдөр энэ санаа маань хэрэгжсэн, аз жаргалтай өдөр тохиож байна. Манай магиструуд гайхамшигтай орон зайд орж ажиллана гэж бодож байна. ЭИС-ийн үүд хаалга та нарын өмнө үргэлж нээлттэй байх болно. Хамгийн сайхан амьдралаа эндээс эхлээрэй” хэмээн төгсөгчдөдөө хандаж хэллээ.    

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт магистрын анхны төгсөгч О.Ганболд, Г.Ган-Эрдэнэ, Г.Мөнхтулга, Б.Энхтулга нар Техникийн ухааны доктор, профессор Б.Энхжаргал багшийн хамт.

 

Төгсөгч та бүхний ирээдүй гэрэл гэгээтэй, ажил амьдралын замнал нь амжилтаар дүүрэн байх болтугай !