
Этүгэн их сургуульд Буриад улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны нэгдүгээр орлогч сайд Н.Ю Сандакова, Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулийн ректор А.В Дамдинов нарын төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зочиллоо.
Төлөөлөгчдийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, академч С.Нямзагд, ректор Б.Батсэрээдэнэ нар хүлээн авч хоёр их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааны талаар харилцан танилцуулж, цаашид хамтын ажиллагааг олон чиглэлээр бодитой хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтад Этүгэн их сургуулийг төлөөлөн Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцааны хэлтсийн менежер, профессор Л.Гүрбазар, Буриадын улсын их сургуулийг төлөөлөн Монгол Улсын хамтын ажиллагаа эрхэлсэн ректорын зөвлөх Г.Б Ариуна нар оролцлоо.
Талууд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөр (3+3) хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаач солилцоог хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, мөн оюутнуудыг өвөл, зуны богино хугацааны сургалт, дадлага, танилцах хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Түүнчлэн талуудын ижил төстэй болон харилцан нөхөх боломжтой мэргэжлийн хөтөлбөрийн чиглэлүүдийг тодорхойлж, холбогдох бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш судлаачдын хамтарсан судалгаа, семинар, сургалт зохион байгуулах боломжийг судлан, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Доржи Банзаровын нэрэмжит Буриадын их сургуулийн ректор А.В Дамдинов Буриад улсын их сургууль болон Москвагийн Үндэсний судалгааны их сургууль “Эдийн засгийн их сургууль” (НИУ ВШЭ)-тай хамтарсан хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлж “Хиймэл оюун ухааны систем” мэргэжлийн хөтөлбөрөөр анхны элсэлт авсан тухай, мөн Буриадын их сургуулийн баазад тулгуурлан ОХУ-ын Хадгаламжийн төв банк (СБЕРБАНК)-аас хэрэгжүүлж буй дижитал технологийн “Школа 21” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төслийн сургалтын талбай нээж, хөтөлбөрийн анхны сонгон шалгаруулалт явагдаж байгаа тухай мэдээллээ.
“Школа 21” хөтөлбөр нь программчлал, мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ОХУ-ын хамгийн шилдэг төслүүдийн нэг юм байна.
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС