
Хүмүүнлэгийн сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхим (ЭЗМТ)-ийн багш нарын бүрэлдэхүүн 2026 оны 5 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн Байгалийн Улсын Их Сургуульд албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд ЭЗМТ-ийн эрхлэгч О.Цэрэнбазар, Төрийн захиргааны удирдлагын багш, доктор Н.Отгонбаяр, Нягтлан бодох бүртгэлийн багш Г.Өлзийбаяр, дэд профессор Н.Мөнхбаатар нар оролцов.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 110 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож “Сотрудничество систем образования России и Монголии: современное состояние и основные проблемы“ сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Эрхүүгийн Байгалийн Улсын Их Сургуулийн Төрийн удирдлага, хүний нөөцийн менежментийн тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Бато Тагаров, Менежмент, үйлчилгээний тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Екатерина Шагина, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Александр Силантьев болон Биологийн ухааны доктор, дэд профессор Виктор Кузеванов нартай хамтын ажиллагааны хүрээнд дараах асуудлуудаар санал солилцож, дараах тохиролцоонд хүрэв. Үүнд:
- «2+2» хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Ном, сурах бичиг, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг харилцан солилцох, ашиглах;
- Байгаль нуурын цогцолбор газрын аж ахуйн нэгжүүдэд оюутан дадлагажуулах хөтөлбөр эхлүүлэх;
- Жил бүрийн багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд харилцан оролцох, хамтран зохион байгуулах;
- Багш, оюутнуудад зориулсан орос хэлний зайн сургалт явуулах.
Талууд хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс ойрын хугацаанд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
- Эрдэм шинжилгээний ажил: Хамтарсан судалгааны үр дүнг олон улсын зэрэглэл өндөртэй сэтгүүлд хэвлүүлэх;
- Мэргэжил дээшлүүлэх сургалт: 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн багш нарыг мэргэжил дээшлүүлэх болон хэлний сургалтад хамруулах;
- Хамтарсан хөтөлбөрүүд: Оюутан дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлж, зуны хамтарсан аялал зохион байгуулахаар болов.
Энэхүү айлчлал нь хоёр сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэх, багш, оюутнуудыг олон улсын хөтөлбөрт хамруулах, эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Хүмүүнлэгийн сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхим