Этүгэн их сургуулийн УАУ-ы тэнхимийн оюутнууд "Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Гербарийн сантай танилцах өдөрлөг"-т амжилттай оролцлоо

Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаах ухааны (УАУ) тэнхимийн 101, 102, 401, 402 дахь хөтөлбөрийн 12 оюутан 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Гербарийн сантай танилцах өдөрлөг”-т амжилттай оролцлоо.

Тус өдөрлөгийг Монголын Анагаахын Оюутнуудын Үндэсний Холбооны (МНАУН) дэргэдэх "Лидер" клуб болон ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хамтран анагаахын их, дээд сургуулиудын Уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцаж буй I-VI дамжааны оюутнуудад зориулан зохион байгуулсан юм. Арга хэмжээнд Этүгэн их сургуулиас гадна АШУҮИС-ийн МАУОУС, ЭМЗҮИС, Ач АУИС, ЭЗШУИС болон Оточ Манрамба их сургуулийн оюутны төлөөллүүд оролцов.

Үйл ажиллагааны хүрээнд оюутнууд Ботаникийн цэцэрлэг, Гербарийн сан болон лабораториудын үйл ажиллагаатай танилцаж тэмдэглэл хөтөлсөн бөгөөд нэн ховор, ховордож буй ургамал болон мөөгөнцрийн нөөцийг хамгаалах, хадгалах, тарималжуулах арга, технологийн талаар тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаас сонирхолтой мэдээлэл сонсон, олон талын мэдлэг хуримтлууллаа.

Энэхүү өдөрлөг нь ирээдүйн эмч, мэргэжилтнүүдэд Монгол орны эмийн ургамлын тархац, ангиллыг шинжлэх ухааны үндэслэлтэй таньж мэдэх, судалгаа шинжилгээний бааз суурьтай танилцах замаар мэргэжлийн мэдлэг, практик дадлагаа бататгахад чухал ач холбогдолтой байв.

Өдөрлөгт идэвхтэй оролцсон УАУ-ы тэнхимийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!