Этүгэн их сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” 03 дугаар зарлигийг гардууллаа

“Өнөөдрийн инновац – Маргаашийн хөгжил” сэдэвт “Этүгэн инновацын өдрүүд-IV” арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Тус арга хэмжээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэрээ байгуулах ёслолын ажиллагааны үеэр Монголын Нэгдмэл Анагаах Ухааны Нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор, профессор Г.Машбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн 03 дугаар зарлигийг Этүгэн их сургуулийн ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэд гардуулан өглөө. Мөн талууд уламжлалт анагаах ухааны хөтөлбөрийн төгсөгчид, төгсөлтийн өмнөх сургалт зохион байгуулах, суралцагчдыг чадавхжуулах, ур чадварыг суулгах зорилгоор хамтран ажиллах гэрээг үзэглэв.


Тус зарлигт:
1.1. Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх;
1.2. Уламжлалт анагаах ухааны эх сурвалж, өвчнийг судлан шинжлэх, уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцлийг тогтоох, дэвшилтэт технологи, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжил, инновацын үйл ажиллагааг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, оюуны өмчийн эрхийг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

1.3. Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын байгууллагын чанарын удирдлагыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэх, салбарын хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх;

1.4. Уламжлалт эмийн түүхий эдийн тархац, нөөц, эмийн найрлага, технологи, үйлдвэрлэлийг судлах, ховор эмийн ургамлыг хамгаалах, тариалах, уламжлалт эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг стандартад бэхжүүлэх, эмийн чанарын баталгаажуулалтын лаборатори байгуулах, уламжлалт эм ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэн экспортыг нэмэгдүүлэх, ард иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;

1.5. Уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурласан эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн боловсролын хөтөлбөрийг олон нийтэд түгээх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх;
1.6. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээний бүтэц тогтолцоог бий болгох, судалгаа хөгжүүлэлт, эмнэлзүйн технологийн солилцооны чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зургаан үндсэн чиглэлийг тусгажээ.