“Судалгааны арга зүй болон эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх боломжууд” сэдэвт сургалтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Journal of Pharmaceutical Policy and Practice (JoPPP) сэтгүүлийн ерөнхий редактор, доктор, профессор, Катарын их сургуулийн эм зүйн сургуулийн профессор Захир Уд-Дин Бабар (Zaheer Ud-Din Babar) Этүгэн сургуулийн болон салбарын залуу судлаачид, эрдэмтэн багш нарт зориулан 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Journal of Pharmaceutical Policy and Practice (JoPPP) нь Scopus, PubMed Central-д бүртгэлтэй, IF 3.0, Q1 зэрэглэл бүхий, дэлхийн шилдэг эмзүйн сэтгүүлийн нэг ба Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) дэлхийн эмзүйн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй сэтгүүл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл юм.
Сургалтын үеэр дараах агуулга сэдвээр асуулт хариулт, зөвлөмж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
- Зөв асуултаас эхлэх: Судалгааны сайн сэдэв нь бодитоор хэрэгжих боломжтой, шинжлэх ухааны ач холбогдолтой бөгөөд тухайн салбарынхаа шийдэл хүлээсэн чиглэлийг гаргаж чадахуйц байх. Судалгаагаа анхнаас нь нийтлүүлэхээр төлөвлөж буй сэтгүүлийнхээ бодлого, онцлогт нийцүүлэн төлөвлөх.
- Өгүүллийн төрлүүдийг зөв тодорхойлох: Эх судалгааны өгүүлэл (Original research), тойм өгүүлэл (Review), шүүмж (Commentary), товч мэдээлэл (Short report) зэрэг нь тус бүрдээ өөр өөр зорилго, бүтэцтэй. Тиймээс өөрийн судалгааны ажлын онцлогт тохирох хэлбэрийг сонгон бэлтгэх шаардлагатай.
- Сэтгүүлээ оновчтой сонгох: Сэтгүүлийн хамрах хүрээ, уншигчдын хүрээлэл, олон улсын индексжилтийн бүртгэл, хөндлөнгийн шүүмжийн (peer-review) стандарт болон нийтлэлийн ёс зүйг сайтар нягтлах хэрэгтэй. Мөн хуурамч буюу сэтгүүлүүдээс (predatory journals) болгоомжлох.
- Редакторын өнцгөөс харах: Редакторууд тодорхой судалгааны асуулт, найдвартай арга зүй, шинжлэх ухаанд оруулах бодит хувь нэмэр болон зохиогчдод зориулсан удирдамжийг чанд мөрдсөн эсэхийг голлон хардаг.
- Материалыг нягт нямбай бэлтгэж илгээх: Итгэл төрүүлэхүйц, оновчтой дагалдах захидал (cover letter) болон бүрэн гүйцэд, сайтар хянаж зассан өгүүлэл илгээх нь эерэг шийдвэр гарахад ихээхэн нөлөөлдөг.
- Хариу тайлбарыг бүтээлч яриа хэлэлцээ гэж үзэх: Шүүмжлэгчдийн санал, шүүмж нь хувь хүн рүү бус, бүтээлийг сайжруулахад чиглэдэг тул хүндэтгэлтэй, системтэйгээр хариулж, шүүмжийг судалгаагаа улам чанаржуулах боломж болгон ашиглах.